Ерөнхий захирлын мэндчилгээ

Ж. Оджаргал

Захирлуудын Зөвлөлийн дарга

М-Си-Эс Группийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархал илэрхийлье.

Монгол Улс маань эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд орох түүхэн боломжийн өмнө тулж ирээд байна. Энэ боломжийг бодит хөгжил болгохын тулд Монголчууд бидэнд нэн тэргүүнд дэд бүтцээ барьж байгуулах, цаашлаад дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. М-Си-Эс Группийн хамт олон эрчим хүч, уул уурхай, мэдээлэл харилцаа холбооны салбарт их бүтээн байгуулалт өрнүүлэхийн зэрэгцээ барилга, үл хөдлөх хөрөнгө, өргөн хэрэглээний бараа, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна.

Бидний амжилтын гол түлхүүр бол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн, хамтарч ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадавхитай залуус юм. Тиймээс бид ажиллагсдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь байнга хөгжүүлэх ажлын орчныг бүрдүүлэхэд их анхаардаг.

Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр харилцагчид, хувь нийлүүлэгчид, ажиллагсад, цаашлаад нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байна. Бид дэлхийн стандарт, дэвшилтэт тэргүүний техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажилладаг билээ.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн Дарга Ж.Оджаргал

 

- + Text Size share print