“Өв Эрдэнэ” хөтөлбөрт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

by admin on Wed, Jan 30 2019 05:00:00

М-Си-Эс Групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, таван жилийн хугацаанд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт ба барилгын гэмтэл, 2017 онд байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг 9 төрлийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр хийсэн билээ. Уг судалгааны тайлан, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажлыг хийх юм.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх удаах төсөл нь Богд хааны ордон музейн уран барилгад байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа бөгөөд мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ онд хэрэгжүүлнэ. Судалгаагаар музейн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах юм.

М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од, “Бид 20 жилийнхээ ойн хүрээнд үндэсний өв, соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. УДБЭТ-тай хамтран “Уран хас”, “Учиртай гурван толгой” зэрэг 50 орчим үндэсний дуурь, бүжгэн жүжгийн нот, клавир, партитурыг сэргээн дижитал хувилбарт шилжүүлсэн. Мөн “Монгол кино HD” төслөөр уран сайхны 182, баримтат 873 киноны дуу, дүрсийг сэргээн HD формат руу хөрвүүлсэн. Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийг сурталчилж таниулах агуулгатай “Занабазарын нууц” төслийг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо үүнийгээ уламжлал болгон улам бүр өргөжүүлж, “Өв Эрдэнэ” соёлын өвийн хөтөлбөрийг санаачлан санхүүжүүлэхээр боллоо” гэлээ.

МУЗ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Чингис хаан одонт, МУСГЗ Г.Мэнд-Ооёо “Өв эрдэнэ соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын ард түмний эрдэм билиг, ур ухаан, оюун соёлын охь дээж болсон түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалуудыг нандигнан хамгаалж, сэргээн хямгадаж, арвижуулан дэлгэрүүлж үеийн үед түүчээлэн хүргэх сайн үйлсийн аян юм” хэмээн хөтөлбөрийн ач холбогдлыг үнэлсэн байна.