М-Си-Эс Групп сагсан бөмбөгийн аваргуудаа шалгаруулж, хандивын аянд нэгдлээ

by admin on Mon, Jun 10 2019 04:00:00

Монгол Улс анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж буй энэ үед сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд тууштай, тасралтгүй хувь нэмрээ оруулж буй М-Си-Эс Группийн хамт олон дотооддоо сагсан бөмбөгөөр өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа. Энэ онд 20 жилийн ой нь тохиож буй Группийн ууган компаниудын нэг “Анунгоо” компанийн хамт олон тэмцээнийг зохион байгуулсан юм. Анунгоо компанийн нэрэмжит энэ удаагийн тэмцээнд 17 компанийн 33 багийн нийт 400 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд алтан медалийг Юнител Групп, мөнгөн медалийг Энержи Ресурс ХХК, хүрэл медалийг зохион байгуулагч Анунгоо ХХК хүртэж, 11 жилийн дараа медалийн буухиагаа ийнхүү үргэлжлүүлж байна. Харин эмэгтэй багийн төрөлд алтан медалийн эзнээр Группийн сагсан бөмбөгийн 9 удаагийн аварга Анунгоо ХХК-ийн бүсгүйчүүд хүртэж, 10 дахь удаагаа аварга болсон бол мөнгөн медалийн эзнээр Юнител ХХК, хүрэл медалийн эзнээр Орчлон сургуулийн баг тамирчид тодорлоо. Тэмцээний шилдэг тоглогчдоор Анунгоо ХХК-ийн Н.Шинэ-Од, Юнител ХХК-ийн н.Мөнгөншагай нар шалгарсан байна. Энэ жил 3х3 төрөл шинээр нэмэгдэн тэмцээн маш өрсөлдөөнтэй сонирхолтой үргэлжилж, Энержи Ресурс, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Проперти ХХК-ийн багууд бусдыгаа хошуучиллаа. Багаараа амжилттай оролцон “Шилжин явах цом”-ын эздээр “Түрүүлж алхана” уриатай Юнител компани шалгарч, шинэ цомыг анхлан хүртлээ. Анунгоо ХХК тэмцээний үеэр ажилтан, албан хаагчдад гэр бүлээрээ эрүүл агаарт цагийг өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэн Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулснаас гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулсан хандивын аяныг ажилтнуудын дунд зохион байгуулсан юм.