Оны Онцлох 10 ААН-ийн хоёр нь М-Си-Эс Группийнх байлаа

by admin on Sat, Dec 21 2019 05:00:00

Монгол Улсад бүртгэлтэй 140 мянга гаруй аж ахуйн нэгж байдгаас тэргүүлэгч 100 компани нь ДНБ-ий 96 хувь, татварын орлогын 50 хувийг бүрдүүлдэг байна. Тухайн жилийн бизнесийн тэргүүлэгчдийг шалгаруулдаг МҮХАҮТ-ын “Энтрепренер-2019” ёслол 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 43 номинацид 100 компанийн 182 материал ирснээс Гран-При шагналыг “Эрдэнэт” ТӨҮГ хүртэв.

“Эрдэнэт” үйлдвэр 2019 онд 134 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2 их наяд орчим төгрөгийн экспортын бүтээгдэхүүн борлуулжээ. Түүний араас оны онцлох 10 ААН-ээр Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК, Номин Холдинг ХХК, Мобиком корпораци, Тэсо корпораци, Сүү ХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, Монос Групп, Ханбогд кашимер ХХК, Өгөөж чихэр боов ХХК-иуд шалгарлаа. Тухайлбал, Оюу толгой төсөл Монголд хэрэгжснээр 14,000 ажлын байр бий болгосноос гадна дотоод гадаадын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчидтэй тогтмол хамтран ажиллаж иржээ. Өнгөрсөн онд Оюу толгой ХХК нийт 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний ханган нийлүүлэгчид байжээ.

Оны онцлох 10 аж ахуй нэгжид багтсан компаниуд гэхэд нийтдээ 1,350 ажлын байр шинээр бий болгосон байна. Инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, экспортын хэмжээг нэмэн зах зээлээ тэлсэн байдал тус шалгаруулалтын чухал үзүүлэлтүүдийн нэг байдаг. 2019 онд Энержи Ресурс ХХК 4 сая тонн баяжуулсан коксжих нүүрс экспортолж, борлуулалтын орлогоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өсгөжээ. Ханбогд кашимер ХХК нь Англи, Энэтхэг, БНСУ-д 100 тэрбум төгрөгийн экспорт хийж, монгол ноолуурыг дэлхийн зах зээлд гаргасан байна. Монос Групп 8.5 тэрбум төгрөгийн IPO гаргаж, хөрөнгө оруулалт татаж чадснаар Европ стандартад нийцсэн микробиологийн лаборатори, үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.

Оны онцлох 10 аж ахуйн нэгжид М-Си-Эс Группийн хоёр компани шалгарчээ. Энержи Ресурс ХХК-ийг 10 дахь удаагаа Оны онцлох аж ахуй нэгжээр шалгаруулсан нь улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй тус компанийн бодит хувь нэмрийг үнэлсэн явдал юм. Олон улсад ч тус компани өндрөөр үнэлэгджээ. Олон улсын зах зээлээс босгосон санхүүжилтыг нь IFR Global болон IFR ASIA байгууллагаас Азийн 2019 оны шилдэг хэлцлээр онцлосноос гадна Global CSR Summit & Awards буюу Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтаас “Орон нутгийг дэмжих хөтөлбөрүүд”-ээрээ Gold шагналыг хүртсэн юм. Энержи Ресурс ХХК эрүүл мэнд, боловсролыг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү дэмжиж, санхүүжүүлсээр ирсэн. Энэ оны тухайд, зүрхний төрөлхийн гажигтай 40 хүүхдэд амьдрал бэлэглэх "Бяцхан зүрх" төсөлд 920 сая төгрөг, “Ид шидийн орон-2” төсөлд 740 сая төгрөг, Говийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөлд 370 сая төгрөг тус тус хандивласан байна.

2019 онд М-Си-Эс Кока-Кола ХХК нь 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэг цагт 15,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ шугамыг ашиглалтад оруулжээ. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 28 төрлийн үйл ажиллагаанд нийт 432 сая төгрөгийн хандив, тусламж өгч, ивээн тэтгэжээ. М-Си-Эс Кока-Кола ХХК-иас сүүлийн 15 жилийн турш тууштай дэмжин хөгжүүлж буй “3x3” сагсан бөмбөгийн спортоор Монгол залуус үсрэнгүй амжилт гаргаж, Монгол Улс түүхэндээ анх удаа багийн төрлөөр Олимпийн наадамд орох эрхээ авсан. Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компани байгальд ээлтэй ААН-ээр шалгарч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Ногоон гэрчилгээ"-г гардан авлаа.

Түүнчлэн тус М-Си-Эс Интернэйшнл ХХК “Эрчим хүчний салбарын онцлох Энтрепренер”-ээр шалгарчээ. М-Си-Эс Интернэйшнл компани 2019 онд 43.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, эрчим хүчний салбарт ногоон эрчим хүчийг 85 МВт хүчин чадлаар нэмэгдүүлжээ. Тодруулбал, ДЦС-4 ТӨХК-ийн үр ашгийг дээшлүүлэх төсөл болон Оюу Толгой ХХК-ийн Дулааны станцын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлж хүлээлгэн өгсөн байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт Монгол Улсад хамгийн том бөгөөд тус бүр нь 15 МВт-ын чадалтай Нарны цахилгаан станцыг Дорноговь аймгийн Замын-Үүд, Төв аймгийн Сэргэлэн  сумдад барьж байгуулахад ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

Ийнхүү 2019 онд манай улсын эдийн засаг, бизнесийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан аж ахуйн нэгжүүдийг үнэлж өргөмжиллөө. Эдгээр компаниуд ирэх жил Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажлын байр бий болгож, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд урьдын адил хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.