ФИБА 3х3 төрлийн ДАШТ Монголд анх удаа зохион байгуулагдаж байна

by admin on Mon, Jun 03 2019 04:00:00

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрлийн гурван том тэмцээнийг Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байна. ФИБА 3x3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Дээрх гурван тэмцээнд 34 орны 500 гаруй тамирчид, төлөөлөгчид оролцох бөгөөд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны медиа баг дотоодын мэргэжлийн баг хамт олонтой хамтран тэмцээнийг дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатар хотын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байгаа юм.

Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжин, “TLG-13” төрийн бус байгууллагатай 2005 оноос өнөөдрийг хүртэл 14 жил хамтран ажиллаж, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулжээ. М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсийг тасралтгүй дэмжсэний үр дүнд Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгаран нэг алт, хоёр мөнгөн медалийг хүртээд байгаа нь монголчууд бидний хувьд бахархмаар сайхан амжилт билээ.