Чойжин ламын сүм музей World Monuments Watch 2020 хөтөлбөрт хамрагдана

by admin on Mon, Nov 11 2019 05:00:00

М-Си-Эс Групп, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн багаас Дэлхийн хөшөө дурсгалын сангийн World Monuments Watch хөтөлбөрт уг сүм музейг нэр дэвшүүлснийг олон улсын экспертүүд дэмжсэн байна. Хөтөлбөрт хамрагдсанаар Чойжин ламын сүм музей дэлхий нийтийн анхаарлын төвд орж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд сэргээн засварлалтын техникийн туслалцааг 2 жилийн хугацаанд авах юм. Word Monuments Watch 2020 хөтөлбөрт хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй дурсгалт газруудыг сонгон шалгаруулсан аж. Тодруулбал, Франц улсын Парисын дарь эхийн сүм, Чили улсын Rapa Nui үндэсний парк, Перу улсын Инкачуудын ариун хөндий, АНУ-ын Bears Ears дурсгалт газар, Энэтхэгийн Декан өндөрлөгийн усны систем, Бирмийн Уламжлалт фермийн барилгууд, Иракийн Mam Rashan сүм, Узбекистаны Бухарын Еврейчүүдийн эртний сууц, Пакистаны Anarkali базаар, Катманду хөндийн Chivas Chaityas, Египетийн Alexan ордон, Японы Inari-yu барилга, Испанийн Axerquía ордон зэрэг 22 орны 25 дурсгалт газар сонгогджээ. Монгол Улсаас сонгогдсон Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас үүдэн эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдсон юм.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн санхүүжилтээр 2019 онд Чойжин ламын сүм музейн дотоод орчны 4800 м.кв талбайг зүлэгжүүлэн, мод сөөг тарьж, 650 м.кв явган хүний замыг шинэчилж, усалгааны систем болон гадна гэрэлтүүлгийг суурилуулсан бол 2020 онд музейн эдэлбэр газарт 888 мод бут бүхий 3500 м.кв ногоон байгууламж, 1100 м.кв боржин чулуун явган хүний замыг шинэчлэн засварлах юм. Түүнчлэн түүхэн дурсгалт барилгад эрсдэлгүй, иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд музейн хэрмэн хашаанд тулж зогсох автомашины стандарт бус зогсоолын талбайг чөлөөлөн, хөдөлгөөнийг хорьж, ногоон байгууламж, явган хүний болон дугуйн зам хийж, авто зогсоолыг музейн урд талбайд шинэчлэн байгуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн хөшөө дурсгалын сан World Monument Watch хөтөлбөрт шалгарсан 22 орны хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран 2020-2021 онд бодлогын нөлөөлөл, сэргээн засварлалт, сэргээн засварлалтын чадавхийг бэхжүүлэх сургалт судалгаа, дурсгалт газрыг таниулан сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 1996 оноос хэрэгжүүлж буй World Monuments Watch хөтөлбөрт Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 110 сая ам.доллар, бусад ивээн тэтгэгчид 300 сая ам.долларыг 135 орны 836 түүх, соёлын дурсгалт газруудын төсөлд зарцуулжээ.

Чойжин ламын сүм музейг хадгалж хамгаалах төслийн багт БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин ламын сүм музей, “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн санхүүжүүлэгч М-Си-Эс групп, Монголын Урлагийн Зөвлөл, сэргээн засварлалтын зураг төслийн болон сэргээн засварлагч эрх бүхий компаниуд нэгдэж ажилласан бөгөөд World Monuments Watch хөтөлбөрт хамрагдсанаар бидний хамтын ажиллагаа өргөжин Дэлхийн хөшөө дурсгалын сан, АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан, олон улсын дурсгалт уран барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын бодлого боловсруулагчид зэрэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, дотоодын болон олон улсын соёлын өвийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.