Энержи Ресурс компани зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээнд 920 сая төгрөг хандивлалаа

by admin on Fri, Jun 14 2019 04:00:00

Зүрхний төрөлхийн гажигтай 40 хүүхдэд амьдрал бэлэглэх "Бяцхан зүрх" төслийг Энержи Ресурс компани Монголын Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Зүрхний төрөлхийн өвчнөөр шаналж буй бяцхан үрс болон тэдний эцэг эхийг баярлуулах сайн үйлсийн энэхүү төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаад үндэсний компани анх удаа санхүүжүүлж байна. Төслийн хүрээнд 40 хүүхдийн эмчилгээний зардлыг иж бүрэн дааж, БНХАУ-д мэс засалд оруулан эмчлэх бөгөөд үүнд шаардагдах 920 сая төгрөгийн санхүүжилтийг Энержи Ресурс компаниас МУЗН-т гардуулан өглөө.

Энэ үеэр Энержи Ресурс компанийн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж: "Бид Хүүхдийн баяраар хүүхдүүддээ бодит бэлэг барихаар зорьж ажилладаг. "Бяцхан зүрх" төсөл өмнөх жилүүдэд гадаадын санхүүжилтээр хэрэгжиж ирсэн гэдгийг сонсоод хүнд өвчтэй хүүхдүүддээ, ялангуяа амьдралын боломж бололцоо тааруу байгаа гэр бүлд туслах шийдвэрийг гаргасан. Сонгогдсон 40 хүүхдийн эмчилгээ, замын зардал болон урд хөршид эцэг, эхийн аль нэгний хамтаар байрлан эмчлүүлэх зардал буюу нийт 920 сая төгрөгийн санхүүжилтийг манай компани гаргана. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдийн сайн сайхны төлөө, ялангуяа амьдралын бололцоо тааруу айлын хүүхдүүдэд туслах зорилгоор уг төслийг санхүүжүүлж байгаа. Цаашид манай хувийн хэвшлийнхэн энэ төслөд хамтран ажиллах байх гэж найдаж байна" хэмээн ярилаа.

Төсөлд хамрагдах хүүхдүүдийг сонгон шалгаруулах, эмчилгээ, хяналт зэрэгт Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран ажилладаг. Ингэхдээ байнгын эмнэлгийн хяналтанд байдаг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох бөгөөд Монголд эмчлэх боломжтой эсэх, амьжиргааны түвшин зэргийг харгалзаж үзэх аж.